Үүргэвчтэй цүнхийг зөв үүрүүлж хүүхдийнхээ нурууг нь хамгаалъя
Таны хүүхэд хүнд цүнх үүрч байна уу? Судлаачид “хүнд ачаа/давтагдсан хөдөлгөөн” нь хүүхдийн багана нурууны хэлбэр, нурууны үенд очих даралтыг нэмэгдүүлэн нурууны өвдөлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бол тогтоосон байна. Нийт өсвөр насныхны дунд хийсэн судалгаанд 51%-ээс дээш хувьд нь хүнд цүнхийг буруу үүрсэнтэй холбоотой нурууны өвдөлт тохиолджээ. Иймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, багш нарт хүүхдийн нурууны өвдөлт, багана нурууны гажигаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг боловсруулжээ.
- 2 мөртэй цүнх үүрэх. 1 мөртэй цүнх нь багана нурууны нэг талын булчинд хэт их ачааллаж багана нурууны эмгэг өөрчлөлт буюу нуруу муруйх шалтгаан болдог. 2 мөртэй цүнх үүрсэнээр багана нурууны үе, булчингуудад ачааллыг тэнцүү хувааж нурууны өвдөлт, эмгэгээс урьдчилан сэргийлэх юм.
- Үүргэвчтэй цүнхний жин нь нурууны дунд хэсэгт төвлөрөх. Хүүхэд цүнхээ 2 мөрөн дээр үүрэх, тайлах нь хялбар, гарын хөдөлгөөн чөлөөтэй байхаар тохируулж өгөөрэй. Цүнхний үүргэвч нь хэтэрхий сул, цүнх нь нуруунаас доор өгзөг хэсэгт байхаас татгалзаарай.
- Цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10-15%-аас хэтрэхгүй байх. Багана нурууны үе нь биеийн жингийн 15%-аас бага хэмжээний хүчийг авах боломжтой юм.